Монгол Улсын Соёлын Яамны дэмжлэгээр “Хан төгс ур” НҮТББ-ын гишүүд үндэсний бичгээр дагнан ажилласан 20 жилийн мэдлэг, чадварт тулгуурлан, ерөнхий боловсролын сургуулийн 6-7 дугаар ангийн сурагчид болон үндэсний бичгээ анхлан сурч буй хэн бүхний анхан шатны мэдлэгээ бататгахад нь зориулан, 10 дэд хэсгээс бүрдэх “АЛТАН ГАДАС” нэртэй монгол ардын үлгэрийн аппликэйшн бүтээлээ.
Бид энэхүү аппликэйшнийг бүтээхдээ Монгол үндэстний эрхэмлэн дээдэлж, уламжлан баяжуулсаар ирсэн эх хэл, түүхийнхээ баялаг сангаас 10 үлгэрийг сонгон авч, үндэсний бичгээр хөрвүүлэн, үлгэрийг дагаж уншсан дуу хоолойн бичлэг, өнгөт болон хөдөлгөөнт зураг, мэдлэг бататгах сонирхолтой дасгал, сорил зэргээр баяжуулан та бүхэндээ хүргэж байна.
Та “Алтан гадас” аппликэйшнээс монголчуудын хэл, соёлын салшгүй нэг хэсэг монгол ардын үлгэрүүдийг дуу хоолойн бичлэгтэй нь дүйлгэн унших, улмаар үлгэр тус бүрийн ард буй мэдлэг олгох хэсгээс танин мэдэхүйн болон үндэсний бичгийн мэдлэгээ бататгах, мөн өөрийгөө сорих боломжтой юм.